Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ

Түүхэн товчоо

2025-03-20

   1911 оноос Түшээт Хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны "Баруун хондого" гэгдэж яваад 1924 онд хамжлагат ёсыг бүрэн халж, нутгийн захиргаануудыг шинэтгэн өөрчлөхөд малчин ардын саналаар "Галба" сум нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. Сумын захиргаа нь малчин ардаа болон сумын даргынхаа гэрийг дагаж нүүдлийн байдлаар Хадан хошуу, Үзүүр шанд, Хулгар, Дэн гэх мэтийн газруудаар товшин нүүдэллэж явсаар 1931 онд "Дунд хүрээ " гэдэг газар суурьшин 7 жил шахам хугацаанд 420 өрх, 1577 хүн, 21 хоринтой болжээ. 

    Энд хүн, мал эмнэлэг, худалдааны хоршоо анх байгуулагдсан байна. Дараа нь сумын нутгийн төв хэсэгт сумын төв байх ёстой гэж үзээд 1938 онд "Цагаан толгойн " хийд дээр нүүн очиж төвлөрчээ. Сумын анхны бага сургууль, ХЗЭ-ийн үүр, Улаан булан зэрэг 10 шахам албан байгууллага, 20 орчим айл өрхтэй, нилээд олон байшин барилгатай болж хөгжжээ. Гэвч сумын төв нь цаашид  өргөжин тэлэх боломжгүй хадан цохион дотор байгаа, мөн машин техник очиход бэрхшээлтэй зэрэг байдлыг харгалзаад 1941 онд дахин нүүж одоо байгаа Их булаг гэдэг энэ сэргэлэн дэнж дээр төвлөрөн буун энэ үед сумынхаа нэрийг өөрчлөн нутгийнхаа алдар цуутай Ханбогд уулаар нэрлэсэн. 

  Ингэж Ханбогд сум маань түүхэн хөгжлийнхөө 80 настай золгож байна. Манай нутгаас Ардын хувьсгалын партизан С.Хаддорж, Ц.Довдой, Монголын төрийн ахмад түшээ, төрийн сайд, доктор, профессор Р.Цагаанхүү, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, Өмнөговь аймгаас төрж гарсан анхны академич, Шинжлэх ухааны гавъяат ажилтан Д.Төмөртогоо, эрдэмтэн Ц.Отгон, Н.Банди, Х.Сүглэгмаа нар болон генерал П.Даш, Монгол Улсын гавъяат багш Ч.Түмэн, гавъяат барилгачин А.Тэрбиш, ухаант түшээт Д.Цэвээнжав, А.Жамц, А.Шархүү, Д.Ойдовжамц, Ц.Дүүдий, Т.Мөнхнасан, Ш.Содномдорж, Н.Сэнгээ, ахмад багш У.Дүндүү, Б.Чогдов, С.Өвөө, албан хаагч Д.Магвал, Р.Таванжин, Р.Нямцэрэн, Мишигдорж, С.Тогоохүү, Б.Цэцэгсүрэн, Д.Буянтогтох, аймгийн хүчит арслан Я.Санжмятав, ахмад тамирчин С.Бандиа, Монгол Улсын сайн малчин Бадрах, Б.Дамдин, аварга малчин Ж.Жамбал, Д.Тангад, С.Чулуунхүү нар гэсэн олон шилдгүүд төрж гарсан өлгий нутаг. Дуу түүхэнд мөнхөрсөн Галба нутаг маань Ноён хутагтын байгуулсан алдарт Галбын гурван хийдийн туурь, Хөдөлдөг цохио, Мэлхий цохио, Алтангэрэлийн дугуй, Ловончомбо, Зээрдийн алдарт агуйнууд, 3000 хайлааст Ундайн гол, Байшин цав, Шунхатын цав, Чингэсийн уурганы нүх, Хэмгий, Сэвхүүлийн элснүүд гэх мэтийн байгаль түүхийн маш сонин газрууд, Галбын цэнхэр уулс, Төлгийн цэлгэр тал,говь хангай хосолсон үзэсгэлэнт нутаг. Дэлхийд сүүлийн жилүүдэд гараагүй зэс, алтны арвин их нөөцтэй Оюу толгойн орд газар, Галбын 11-р талбай гэгдэх нефть илрэх таамаглалтай талбай, Хуцын уулын алтны орд, Армастронг Монголитийн шинэ илрэц болон бусад эрдэнэсийн арвин их сан зөвхөн манай нутагт байдаг. Мөн дэлхийд ховордсон ан хулан, хар сүүлт, зээр, аргаль, янгир, шилүүс, болон чоно, үнэг, хярс, туулай, дорго, мануул гээд бүх төрлийн ан амьтантай. 

  Галбын говийн бахархал болсон дэлхийн хоёр бөхт тэмээний сор шилмэл үүлдрийн улаан тэмээ, аймагтаа сайжруулагчаар ашигладаг Гавилууд омгийн илүү нугаламт хонь, ХАА-н ухааны эрдэмтийн бүтээл Говь гурван сайхан үүлдрийн арвин их ноолууртай ямаа зэрэг таван эрдэнэ болсон мал сүрэг нь эдийн засгийнх нь гол суурь, 400 гаруй малчин өрхийнх нь амьдралынх нь эх сурвалж.

 Улаанбаатар хотоосоо 600, аймгийн төвөөсөө 250, улсын хилээс 120 км-т оршдог Ханбогд сум маань урд талаараа БНХАУ-тай, зүүн талдаа Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах сумдтай, хойд, баруун талаараа өөрийн аймгийн Манлай, Цогт-цэций, Баян-Овоо сумдтай тус тус хиллэдэг. Тус сумын нутагт БНХАУ-тай худалдаа хийдэг Гашуун сухайтын хилийн боомт байдаг.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11203
8670 / 77%
1141 / 10%
394 / 4%
998 / 9%